Ажилтнаа зөв халах

2019/06/12 Админ 4756 0 сэтгэгдэл

 

“Ажилтнаа зөв халж чаддаг” байх нь удирдагч нарт зайлшгүй байх ёстой чадвар гэдгийг та мэдэх үү?

Зах зээлийн чиг хандлага, хурдацтай хөгжлөөс шалтгаалан хүмүүсийн “нэг компанид насаараа ажиллах” сэтгэхүй бараг л алга болж байгаа бөгөөд ажилд орох, гарах урсгал эрчимтэй нэмэгдэж байна. Мэдээж насан туршдаа бизнесээ удирдан авч явж чадна гэсэн баталгаа бараг л байхгүй болсон энэ нийгэмд нэгэнт л та тэр хүнд насан туршийн ажлын байр санал болгож чадахгүйгээс хойш таны ажилд ахиц дэвшил авчирч чадахгүй байгаа хүмүүсийг ажлаас нь халж сурах чадварт ч гэсэн суралцах ёстой болж байна.  Хэн нэгнийг ажлаас хална гэдэг хэзээд төвөгтэй, сэтгэл зовоосон асуудал байдаг. Гэвч заавал тийм байх албатай гэж үү? Жишээ болгон хоёр тохиолдлыг авч үзье.

 

Жишээ 1: 

Жэкийн менежер нь ямар ч цаг хугацаа, боломж олголгүйгээр (ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгч, засч сайжруулах хугацаа өгөлгүйгээр) түүнийг ажлаас халсан бөгөөд яагаад халагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Ажлаас халах болсон тухай ярилцах 17 –хон минутын турш утас нь дуугарах, хэн нэгэн дуудах, мессеж бичих, гарч орох  зэргээр огт төвлөрч суугаагүй бөгөөд зүгээр л хийх ёстой өдөр тутмын уйтгартай ажлаа хийж буй мэт байдалтай хандсан байна.

Үр дүнд нь Жэк маш хүнд байдалд орж, дормжлуулсан мэт мэдрэмжтэй үлдсэн бөгөөд компанийхаа талаар маш сөрөг сэтгэгдэлтэй үлдэж, хамаг л таньдаг мэддэг хүмүүстээ муулсан байна.

Энд юу нь буруу болсон гэж үү? Бүгд буруу. Энэ яриа эхлэхээсээ авхуулаад дуусан дуустлаа буруу байсан. 

Жишээ 2:

Жэкийн дарга нь эхлээд түүнтэй маш илэн далангүй, үнэн сэтгэлээсээ ярилцсан бөгөөд түүнд ажлын гүйцэтгэлээ хэрхэн сайжруулах талаах зөвлөгөө өгч, тодорхой хэмжээний ахиц гаргах боломжит хугацааг зааж өгсөн байна. Жэк энэ боломжийг тийм ч сайн ашиглаж чадаагүй хэдий ч ажлаас халах болсон тухай мэдэгдэл өгөхөд энэ нь түүнд тийм ч цочирдом зүйл байгаагүй юм. Тэр өөрийгөө хэр хийснийг мэдэж байсан учраас өөртөө урам хугарсан хэдий ч түүнийг сайжирна гэж найдан хугацаа өгч боломж олгосон даргадаа маш их талархаж байсан юм. Тиймээс хэдий ажлаасаа халагдсан ч цаашид юун дээр анхаарч ажиллах ёстойгоо маш сайн ойлгосон бөгөөд илүү их итгэлтэй болж чадсан байна. Тэр одоо өөр байгууллагад өндөр албан тушаал хашдаг болсон бөгөөд өөрийгөө тодорхой хэмжээгээр таньж мэдэх боломж олгосон хуучин компанидаа одоог хүртэл талархалтай ханддаг байна.     

Хэрэв та бүхэн ийм төрлийн хүндхэн сорилттой тулгарсан байгаа бол дараах зөвлөмжийг хүргэж байна:  

Эхлээд, таны халах гэж байгаа хүн өөрийнхөө хэр ажиллаж байгаа талаар мэдээлэлтэй байгаа юу? Түүнд алдаа дутагдлаа засах боломж олгосон уу? гэдгийг тодорхойлох.  

Дараа нь, ярилцах тохиромжтой газар олох. Ямар нэг хүн саад болохооргүй орчинд байх ёстой. 

Эцэст нь, юу гэж хэлэхээ бэлтгэх. Юуны түрүүнд тэр хүн ямар хүн болох, яагаад түүнийг ажлаас халах болсон, тухайн ажлын байранд дутагдаж байсан мэдлэг, ур чадвар нь юу байсан мөн цаашид ямар чиглэлээр ажиллавал илүү тохиромжтой байж болох мэргэжлийн зөвлөгөөг өгөх хэрэгтэй. 

Ярилцаж байх үедээ анхаарвал зохих зүйл

Хоёрдмол утгатай мэдээлэл өгөхгүй байх. Жишээ нь, Чи бол үнэхээр сайн ажилтан. Бидэнд тантай ажиллах үнэхээр сайхан байдаг. Гэвч бид таныг халах ёстой боллоо гэж хэлбэл утгагүй биз дээ. Үнэхээр тийм мундаг байсан юм бол яагаад халах гээд байгаа юм бол гэсэн эргэлзээг төрүүлнэ. Харин түүний оронд “Бид танаас сүүлийн хэдэн сар тодорхой үр дүн хүлээж, найдвар тавьж байсан боловч үнэхээр бидний сэтгэлд хүрэхгүй байна. Бид танд ажиллах хугацаа, боломж гаргаж өгсөн хэдий ч хангалттай үр дүн гарсангүй. Тиймээс бидний зүгээс дахин хугацаа сунгах шаардлагагүй гэж үзлээ” гэдэг ч юмуу тухайн нөхцөл байдалд тохируулан товч,тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй.

Энэ яриа хэт удаан эсвэл хэт хурдан явагдах ёсгүй. Богино хугацаанд болвол тухайн хүнийг үл хүндэтгэсэн, харин хэт удаан байвал тухайн хүнд ажлаасаа халагдахгүй үлдэх боломж байгаа гэсэн хий хоосон итгэл төрүүлэх болно.

“Түүний хэлснээр, танай менежерийн хэлснээр бол та/чи...” гэх мэт ховын шинж чанартай үг хэлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.  Энэ нь хамт олны дунд эвгүй уур амьсгал бүрдүүлэх бөгөөд энэ нь тухайн хүн өөрөөсөө болж биш харин тэр хүнээс болж халагдаж байгаа мэт буруу сэтгэгдэл төрөхөд хүргэдэг.

Мөн тухайн хүнд юу шаардлагатай байж болохыг асууж тодруулах хэрэгтэй. Жишээ нь, зарим компаниуд дараагийн ажлаа олтол нь ажиллуулах, ажлаас гарах сүүлийн өдрөө сонгох боломж өгөх зэргээр ажилтанд бодож, бэлтгэх цаг хугацааг гаргаж өгдөг.

Мэдээж эцэст нь хэлэхэд хэдийгээр байгууллага бүр хүний нөөцийн тусдаа дүрэм журамтай байдаг хэдий ч ажлаас халагдаж байгаа хүний ард гэр бүл, үр хүүхэд гэсэн олон хүчин зүйл байгааг бодолцон үзэж “хүн чанар”-тай байхыг зөвлөж байна.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.