Жижиг бизнесүүдийн 2022 оны 16 тренд

2022/01/11 Админ 835 0 сэтгэгдэл

 

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр жижиг бизнесүүд нэлээд хүнд байдалд орсон бөгөөд нэг жил гаруй хугацааны дараа л сэргэж эхэлж байна. Амьдрал хэвийн горимд аажмаар шилжиж эхэлж байгаатай зэрэгцэн бизнесийн шинэ трендүүд гарсаар байна. Жижиг бизнес эрхлэгчид эдгээр трендийг ойлгох нь эргэн хөл дээрээ босоход маш чухал юм.

Форбес сэтгүүлийн көүч нарын зөвлөлийн 16 гишүүн дараах трендүүдийг жижиг бизнесүүдэд 2022 онд хамгийн ихээр нөлөөлнө гэж үзсэн байна

1.Сэтгэл хөдлөлийн чадамж ба бусдыг ойлгох чадвар

Сэтгэл хөдлөлийн ил тод байдал болон загварчлал нь гол түлхүүр юм. Бусдыг ойлгох чадвар нь ажил, амьдралын сорилтуудыг зохицуулахад ашиглагддаг чухал чадвар юм. Та ажилтныхаа нөхцөл байдлын талаар бүгдийг мэдэх эсхүл өөрийнхөө нөхцөл байдлыг бүгдийг нь хуваалцах албагүй гэхдээ тухайн хүний сэтгэл санааны байдлыг анхааралтайгаар ажиглаж мэдэх нь харилцааг үнэ цэнтэй болгодог. “Сонин сайхан юу байна вэ?” гэж асуувал ямар сонин, сайхантай байгааг нь эсхүл нөхцөл байдал ямархуу байгааг чин сэтгэлээсээ мэдэж, мэдрэхийг хичээх хэрэгтэй.

2.Цахим сүлжээнд олны танилуудаар дамжуулан маркетинг хийх

Жижиг бизнес эрхлэгчдийн мэдэх ёстой бас нэгэн тренд бол олон нийтийн цахим сүлжээнд олны танилуудаар дамжуулан маркетинг хийх арга юм. Инстаграм, ТикТок болон бусад цахим сүлжээ нь жижиг бизнес эрхлэгчдийг өөрсдийн түүхийг бусдад хүргэх, өөрсдийгөө таниулахад тусладаг. Том ч бай жижиг ч бай олны танилууд жижиг бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өөрсдийн санаа бодлыг илэрхийлэх нь хандалтад маш хүчтэйгээр нөлөөлдөг.

3.Том бизнесүүдийн ашигладаг систем ба процессийг нэвтрүүлэх

2022 онд амжилтанд хүрэхийн тулд жижиг бизнесүүд томоохон бизнесүүдийн ашигладаг систем, процессийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна.  Жижиг бизнесүүд төлбөргүй дугаар, дуут хариу өгөх интерактив систем, автоматжуулалтыг нэвтрүүлэх гэх мэтээр бизнесээ яг одоо байгаагаасаа хамаагүй том байгаагаар төсөөлөн зохион байгуулалтаа хийх шаардлагатай бөгөөд энэ нь тэдний амжилтад маш чухал нөлөө үзүүлэх болно.

4.Ажилтан сонгон шалгаруулалтын хүрээг тэлэх

Дэлхий дахин урьд хожид байгаагүйгээр холбогдож эхэлснээс хойш улам олон хүмүүс зайнаас ажиллахыг илүүд үзэж байгаатай холбоотойгоор компаниуд ажилтан сонгон шалгаруулалтыг алс хол амьдардаг хүмүүсийг оролцуулан хийх боломж бүрдээд байна. Зорилго, үнэ цэнэ, хэм хэмжээгээ байгууллагын соёлдоо тодорхой шингээсэн байгууллагууд чадварлаг ажилтныг татаж чаддаг.

5.Гэр бүлийг нэгдүгээрт тавих боломж олгодог ажлын байрны үнэ цэнэ

Маш олон хүмүүс өнгөрсөн жилийг амьдралд нь юу хамгийн чухал болохыг дахин тунгааж өнгөрөөсөнтэй холбоотойгоор гэр бүл нэгдүгээрт хөдөлгөөн гараад байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид ажилтнуудаа гэр бүлээ нэгдүгээрт тавьж болохуйц ажлын байрны орчин үүсгэхгүй бол сайн ажилтнуудаа алдах эрсдэл тулгараад байна. Ийм учраас жижиг бизнес эрхлэгчид ажлын байрны үнэ цэнийн багцийг ажилтнууддаа санал болгож, менежерүүд үүнийг хэрэгжүүлэхэд үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй.

6.Бусад бизнес эрхлэгчидтэй хамтрах

Жижиг бизнес эрхлэгчид ганцаараа хөгжихийн оронд бусад бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох, хамтрах нь гаргасан хүчин чармайлтынхаа үр дүнг хэд дахин нэмэгдүүлж хүртэх боломж олгодог. Энэ нь 2022 оны тренд болоод байгаа бөгөөд үүний үр дүнд бизнесийн хамтрагчаар дамжуулан шинэ түнштэй болох, зах зээлийн талаар мэдээлэл авах, бусдаас суралцах болон бие биенээ урамшуулдаг, түлхэц үзүүлдэг багийг бүтээх буюу харилцаа үүсгэх боломжтой.

7. Дижитал маркетингийн үр ашигт байдал

Жижиг бизнес эрхлэгчид дижитал маркетинг нь ирээдүйд улам эрчийг авна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл дижитал маркетинг нь уламжлалт маркетингийг халж гарч ирж буй гэдгээс гадна өртөг, цаг хугацааг хэмнэдэг гэдгээ цар тахлын үеэр батлан харууллаа. Маркетингийн үйл ажиллагааг олон хүнд тогтмол хүргэхийн тулд эдгээр давуу талыг ашиглах нь зүйн хэрэг юм.

8.Дижитал болон үүлэн технологиуд

Маш олон жижиг бизнесүүд дижитал технологийг хангалттай хэмжээнд ашигладаггүй. Тэдгээрийн 10 жилийн дараах амжилт нь одоо нийтлэг ашиглагдаж байгаа дижитал болон үүлэн технологийг ашиглах, үр ашгийг хүртэх чадвар болон хэрэглэгчдийн ашиглаж буй технологийг ашиглах хүсэл эрмэлзлээс хамаарна. Өнөөдрийн байдлаар Slack, Teams болон Twitter зонхилж байгаа ч гурван жилийн дараа ямар технологи ноёлохыг хэн ч хэлж мэдэхгүй.

9.Үйлчилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хурд

Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг хурдан хийх болон үйлчилгээг хурдан  үзүүлэх чадвар нь бизнест давуу тал бий болгодог.  Өөр өөр төрлийн хэрэглэгчдэд зориулсан олон төрлийн шийдэл, эдгээр шийдлүүдийн нөлөөг сайтар ойлгох нь бизнесийг ямар ч зах зээл дээр байсан олон сонголт бүхий бүтээгдэхүүн үйлчилгээтэй болгох, бүтээлч байлгах болон стратегийн хувьд инновацлаг болгодог.

10.Ажилтнуудад көүчинг эсхүл менторинг хийх

Аз жаргалтай ажиллах хүчийг барьж тогтоох, барьж тогтоолтын хувийг сайжруулахын тулд жижиг бизнесүүд чадварлаг ажилтнуудыг татах, үлдэж ажиллахад нөлөөлөх шинэлэг аргуудыг олох шаардлагатай. Теннисний ширээ тавихаас илүүтэй көүчинг эсхүл менторинг хийх нь тренд болоод байна.

11.Синхрон ба асинхрон видео

Сүүлийн 18 сарын хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй танилцах, борлуулалт хийх, үйлчилгээ үзүүлэх, уулзалт хийх зорилгоор видео бичлэгийн хэрэглээ ихээхэн хурдассан. Хүн бүр л гар утас, таблет эсвэл зөөврийн компьютертэй болсон энэ цагт бид ердөө нэг товч дарахад л хэн нэгэнтэй харилцаж чаддаг болсон. Видео бол "шинэ" зүйл бөгөөд түүний хэрэглээ улам нэмэгдэх болно. Видео бүтээх маш олон төлбөргүй платформууд байдаг учраас зөвхөн эхлэх л үлдлээ.

12.Холимог ажлын байр

Ажилтнууд өөрийн ажлыг цагийн хуваарилалтыг хийж болохуйц, зайнаас эсхүл оффисоос ажиллах эсэхээ өөрөө шийддэг ажлын байрнууд ирээдүйд тренд болно. Ажил олгогчид өөр өөр үнэ цэнийг эрхэмлэдэг, өөр өөр чадвар бүхий хэд хэдэн generation буюу үеийнхнээс бүрдсэн ажиллах хүч бүрдүүлэхэд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй.

13.Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд

Ажиллах хүчний хэмжээнээс үл хамааран ажлын байран дээрх сэтгэцийн эрүүл мэнд 2022 онд хүчтэй тренд болж байгааг бүх жижиг бизнес эрхлэгчид мэдэх хэрэгтэй. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний хямрал, боловсон хүчний хомсдол, зайнаас ажиллах болон ажил, амьдралын баланс зэрэг нь ажилтнуудыг улам их стресстүүлж байна. Энэ трендийг тусгасан бодлого хэрэгжүүлэх нь ажилтнуудын оролцоо, бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна ажлаас гарах хэмжээг багасгадаг байна.

14.Бараа материалын стратегийн менежмент

Нийлүүлэлтийн гинжин хэлхээн дэх доголдол арилахгүй байсаар байна. Түүхий эд, материалаа татан авах болон эцсийн бүтээгдэхүүнийг хүргэх хугацаа хүлээлтээс өндөр хэвээр байна. Тиймээс бараа материалын менежментийг төлөвлөх, тохируулах, стратеги боловсруулах нь энэ үед маш чухал болсон. Түүхий эд материалын дутагдалд орох нь энгийн үед шаардлагатайгаас их хэмжээгээр татан авалт хийхээс илүү зардалтай байгаа учраас үйлдвэрлэгчид түүхий эд материалаа ихээр татан хуримтлуулах болсон.

15.Google-ийг маш сайн ашиглах

Google-ийг оновчтой ашиглаж буй байдал нь 2022 онд тоглоомыг өөрчилнө. Эдгээрт Google my business, local service, ads болон хайлтын системийн тохиргоо зэрэг багтдаг. Тиймээс жижиг бизнес эрхлэгчид гүүгл ихээр ашигладаг үеийнхний хэрэглээнд нийцүүлэн гүүглийн талаар мэдэх, ойлгох, ашиглах шаардлагатай.

16.Хувь хүний брендинг

Бизнесийн брендинг хийхээс гадна бизнесийн эзний буюу хувь хүний брендинг хийх нь гол трендүүдийн нэг болсон. Жижиг, дунд бизнес эрхлэгчид өөрийн бизнесийн цаана нуугдаж өөрийн хэн болохоо харуулахыг хүсдэггүй. Бизнесийн цаана байгаа эзэн, ажилтан гэх мэт хүнийг харуулах нь хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлөөр дамжуулан холбоо тогтооход тустай байдаг.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.