Хамгийн эрэлттэй бөгөөд өсөлттэй ажил мэргэжлүүд

2023/04/20 Админ 2769 0 сэтгэгдэл

  Дэлхийн 20 гаран улсад хүний нөөцийн цогц үйлчилгээ явуулдаг Glassdoor компаний 2022 онд явуулсан судалгаагаар АНУ-д дараах ажлын байрууд хамгийн эрэлттэй мөн  ажиллахад тохиромжтой тодорхойлогдсон байна. Үүнд дундаж цалин, нээлттэй ажлын байрны орон тоо, сэтгэл ханамж гэсэн гурван хүчин зүйлийн үзүүлэлтийг харьцуулжээ. Уншигч олондоо зориулан эдгээр мэргэжлийн ажлын байрны тодорхойлолт, шаардагдах ур чадварын тухай товч бэлтгэн хүргэж байна.

  • ENTERPRISE АРХИТЕКТ 

 

  Enterprise архитект гэдэг нь байгууллагын ерөнхий бүтэц, үйл ажиллагааны зураг төсөл, төлөвлөлтийг хийдэг мэргэжлийн хүн юм. Байгууллагын алсын хараа, зорилгыг тодорхойлон, зөвөөр хэрэгжүүлэхийн тул ямар технологи ашиглахаа шийдэх зэргээр хөгжүүлэгчидтэй ойрхон ажилладгаараа онцлог. Энгийнээр хэлбэл, тэд байгууллагын бүхий л нэгж, хэсгүүд нэгэн хүсэл, зорилгын төлөө үр дүнтэйгээр хамтран ажиллахыг гол чиглэлээ болгодог хүмүүс юм. Мөн бизнесийн зорилго, стратегиэ технологийн систем, дэд бүтэцтэй уялдуулан нөөц бололцоог хэрхэн ашиглах талаарх зураг төслийг боловсруулдаг нэгэн төрлийн “архитектор” шиг хүн бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтэд ч мөн давхар хяналт тавьдаг аж.

Дундаж цалин: 144,997$

Нээлттэй ажлын байр: 14,021

Ажлын байран дахь сэтгэл ханамж: 4.1/5

Шаардлагатай ур чадвар

  • Хэрэглэгчийн дата/өгөгдлийн менежмент
  • Архитект, DevOps, программ хангамж зэргийн шийдлийг ойлгодог байх
  • Техникийн нөхцөл, шаардлагыг бусдадаа ойлгомжтой тайлбарлаж өгөх
  • FULL STACK ENGINEER

  Full Stack Engineer буюу программ хангамжийн цогц инженер нь веб хөгжүүлэлтийн front болон back-end хоёуланг нь хөгжүүлэх ур чадвартай болон туршлагатай байх ёстой. Тэд хэрэглэгчийн интерфэйс, бизнесийн логик, мэдээллийн сан, серверийн дэд бүтэц зэрэг вэб технологийг бүхэлд нь барьж, хянах үүрэгтэй. Түүнчлэн вэб программын үйлчлүүлэгч (front-end) болон сервер талын (back-end) аль алиныг нь зохицуулж, функциональ, үр ашигтай системийг бий болгохын тулд тэдгээрийг саадгүй нэгтгэх чадалтай байх шаардлагатай.

  Front-end хөгжүүлэлт нь хэрэглэгчийн вэб хөтөч дээр ажиллах код бичих бөгөөд программын харагдах байдал, үзэмжийг хариуцдаг. Үүнд HTML, CSS болон JavaScript зэргийн ур чадвар шаардлагатай. Харин Back-end хөгжүүлэлт нь сервер талд ажиллан код бичих бөгөөд өгөгдөл боловсруулах, front-end хүсэлтийг шийдвэрлэх болон мэдээллийн сантай харилцах үүрэгтэй. Үүнд Java, Python, Ruby, Node.js зэрэг программын хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.

Дундаж цалин: 101,794$

Нээлттэй ажлын байр: 11,252

Ажлын байран дахь сэтгэл ханамж: 4.3/5

  Full Stack инженер нь програм хангамжийн архитектур, мэдээллийн сан, вэб хөгжүүлэлтийн хүрээ, үйл ажиллагаа зэргийг хөгжүүлэх үүрэгтэй тул янз бүрийн салбарт техникийн өргөн хүрээний ур чадвар, туршлагатай байх шаардлагатай. Bottom of Form

  Дашрамд дурдахад, MLC Business School нь Болгар улсын “SoftUni Global”-тай хамтран “20K программист” төслийн хүрээнд Full Stack Developer диплом олгох Java болон Python хэлний цогц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг сургалт цэснээс аваарай.

  • ДАТА ШИНЖЭЭЧ

  Өнөөгийн дата-төвтэй ерөнцөд дата шинжээчийн ач холбогдол, үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэн, шинэчлэгдэж байна. Дата шинжээч нь нарийн төвөгтэй өгөгдөлд статистик болон тооцооллын аргыг ашиглан дүн шинжилгээ хийн, тайлбарладаг мэргэжлийн хүн юм. Тэдний гол зорилго нь дата буюу өгөгдлийн талаарх ойлголт, хэв маяг, чиг хандлагыг олж илрүүлэх, дараагаар нь энэ мэдээллийг ашиглан бодит ертөнц дэх асуудлыг шийдэж, мэдээлэлд суурилсан үндэслэлтэй шийдвэр гаргах явдал юм.

Дата шинжээчид өгөгдлийг цэвэрлэх буюу шүүж боловсруулан, шинжлэхийн тулд програмчлалын хэл (Python эсвэл R гэх мэт), статистик загвар, машин-сургалтын алгоритмуудыг хослуулан ашиглах шаардлагатай. Тэд маш том өгөгдлийн сантай ажиллахдаа ихэвчлэн Hadoop, Spark эсвэл SQL гэх мэт хэрэгслийг ашиглан өгөгдлийг удирдан, зохицуулдаг.

Дундаж цалин: 120,00$

Нээлттэй ажлын байр: 10,071

Ажлын байран дахь сэтгэл ханамж: 4.1/5

  Дата шинжээчид эрүүл мэнд, санхүү, цахим худалдаа, маркетинг гэх мэт төрөл бүрийн салбарт ажиллах боломжтой. Бизнесийн өсөлт, инновацийн шинэ боломжуудыг хайж олохын тулд урьдчилан таамаг гаргах, санал дамжуулах, дүрслэл бий болгох зорилгоор хяналтын самбарын загвар буюу admin dashboard боловсруулах нь тэдний гол ажлын нэг.

  • DEVOPS ИНЖЕНЕР

  DevOps (development, operation  гэх үгийн нийлэмж) инженер нь программ хангамжийг хөгжүүлэх, турших, байршуулах үйл явцыг оновчтой болгох, автоматжуулах чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүн юм. Байгууллагууд программ хангамж хөгжүүлэх үйл явцаа agile болгон, тасралтгүй хүргэхийг чухалчилж буй энэ цаг үед DevOps инженерийн үүрэг улам бүр нэмэгдэж байна. DevOps инженерүүд компаниудад программ хангамжийг илүү хурдан бөгөөд найдвартай бүтээх, турших, ашиглахад тусалдаг ба багууд хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог сайжруулдаг.

Дундаж цалин: 120,095$

Нээлттэй ажлын байр: 8,548

Ажлын байран дахь сэтгэл ханамж: 4.2/5

Үндсэн ажил үүрэг

  • Программ хангамжийн байршуулалтыг автоматжуулах

DevOps инженерүүд программ хангамжийг хөгжүүлэлт, туршилт, үйлдвэрлэл зэрэг янз бүрийн орчинд байрлуулах үйл явцыг автоматжуулахын тулд элдэв хэрэгсэл, технологийг ашигладаг.

  • Тасралтгүй нэгтгэх, хүргэх:

Программ хангамжийн өөрчлөлтийг кодын санд хурдан бөгөөд үр дүнтэй нэгтгэж, кодыг тасралтгүй туршиж, байршуулах ёстой.  

  • Дэд бүтцийн менежмент

DevOps инженерүүд нь сервер, мэдээллийн сан, сүлжээ зэрэг программ хангамжийг ажиллуулахад шаардлагатай дэд бүтцийг удирдах үүрэгтэй.

  • Хяналт, бүртгэл

Тэд программ хангамж болон дэд бүтцэд гарсан асуудлуудыг тодорхойлж, алдааг олж засварлахын тулд хяналт, бүртгэлийн хэрэгслийг ашигладаг.

  • Хамтын ажиллагаа ба харилцаа холбоо

DevOps инженерүүд хөгжүүлэлтийн болон үйл ажиллагааны багуудын хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог хөгжүүлэхийн тулд ажиллаж, хүн бүр нэг зорилгын төлөө ажиллаж байгааг харуулах ёстой.

  • СТРАТЕГИЙН МЕНЕЖЕР

  Стратегийн менежер нь байгууллагын урт хугацааны зорилгод хүрэхэд туслах стратеги боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэдний үүрэг бол зах зээлийн чиг хандлагад дүн шинжилгээ хийх, боломж, эрсдэл, аюулыг тодорхойлох, өрсөлдөөнд давуу тал бий болгох төлөвлөгөө гаргах явдал юм. Тэд байгууллагын эрхэм зорилго, алсын хараатай нийцсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд харилцан үйл ажиллагаатай багуудтай хамтран ажилладаг.

Дундаж цалин: 140,000$

Нээлттэй ажлын байр: 6977

Ажлын байран дахь сэтгэл ханамж: 4.2/5

  Стратегийн менежерийн ажил үүрэг нь тухайн байгууллагын салбар, үйл ажиллагаанаас хамаарч өөр өөр байх боловч үндсэн байдлаар дараах үүргийг хүлээнэ:

  • Зах зээлийн чиг хандлага, боломжуудыг тодорхойлох судалгаа, шинжилгээ хийх
  • Стратегийн зорилго, тэргүүлэх чиглэлийг тодорхойлохын тулд гүйцэтгэх удирдлага, оролцогч талуудтай хамтран ажиллах
  • Эдгээр зорилгод хүрэхийн тулд стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
  • Стратегийн үр нөлөөг хэмжих, шаардлагатай бол тохируулга хийх
  • Байгууллагын стратегийн зорилгод нийцүүлэхийн тулд багуудад удирдамж, дэмжлэг үзүүлэх
  • Удирдлага болон бусад оролцогч талуудад үйл ажиллагааны ахиц дэвшил, үр дүнг мэдээлэх
  • МАШИН-СУРГАЛТЫН ИНЖЕНЕР 

  Машин сургалтын инженер гэдэг нь тодорхой программчлалгүйгээр бие даан/өөрөөрөө суралцаж, үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой системийг зохион бүтээж, хөгжүүлдэг тусгай программ хангамжийн инженер юм. Тэд томоохон хэмжээний дата санд дүн шинжилгээ хийж, урьдчилан таамаглах боломжтой машин сургалтын загваруудыг бий болгож, боловсруулан ашиглах үүрэгтэй.

Дундаж цалин: 130,489$

Нээлттэй ажлын байр: 6801

Ажлын байран дахь сэтгэл ханамж: 4.3/5

Үндсэн ажил үүрэг 

  • Мэдээллийг бэлтгэх, урьдчилан боловсруулах

Мэдээлэл цуглуулах, шүүх, боловсруулах, функцуудыг сонгох, машин-сургалтын загварт зориулсан сургалт, туршилтын өгөгдлийн сан үүсгэх.

  • Машин сургалтын загвар бүтээх, сургах

Өгөгдлөөс суралцах боломжит загваруудыг бий болгохын тулд өөрөөрөө суралцах, бататгах сургалт, кластер хийх гэх мэт машин-сургалтын алгоритмуудыг боловсруулж хэрэгжүүлэх.

  • Байршуулах, хэмжих

Машин-сургалтын загваруудыг үйлдвэрлэлийн орчинд нэгтгэх, загваруудыг сүлжээнд байршуулах, хэмжигдэхүйц болон найдвартай байдлыг хангахын тулд гүйцэтгэлийг хянах.

  • Засвар үйлчилгээ, оновчлол

Машин-сургалтын загваруудын гүйцэтгэлийг цаг хугацааны явцад хянах, сайжруулах, мөн мэдээллийн нарийвчлал, үр өгөөж, туйлшрахгүй байх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх.

  • Хамтын ажиллагаа

Мэдээлэл судлаач, мэдээллийн инженер, бүтээгдэхүүний менежер гэх мэт бусад багуудтай хамтран ажиллаж, машин сургалтын боломжуудыг тодорхойлж, бизнесийн зорилгод нийцүүлэх.

  Машин-сургалтын инженер нь программуудыг идэвхжүүлдэг системийг зохион бүтээх, бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд программ хангамжийн инженерчлэлийн чиглэлийн өндөр мэдлэгтэй байх шаардлагатайгаас гадна машин-сургалтын алгоритм, өгөгдлийн бүтэц, Python, Java эсвэл C++ зэрэг програмчлалын хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй.

  • ДАТА ИНЖЕНЕР

Дата инженерүүд нь их хэмжээний өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах боломжийг олгодог дэд бүтэц бүхий системийг зохион бүтээх, боловсруулах, мөн засвар хийх үүрэгтэй. Тэд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад өгөгдлийг хүртээмжтэй, найдвартай, аюулгүй байлгах үүднээс мэдээлэл судлаачид, дата шинжээчид болон бусад оролцогч талуудтай хамтран ажилладаг.

Дундаж цалин: 113,960$

Нээлттэй ажлын байр: 11,821

Ажлын байран дахь сэтгэл ханамж: 4.0/5

Үндсэн ажил үүрэг

  • Мэдээллийн дамжуулах шугамыг хөгжүүлэх

Өгөгдлийн сан руу датаг дамжуулах, хувиргах, нэмэх үйлдэл бүхий автомат системийг бий болгох.

  • Өгөгдлийн сангийн дизайн ба менежмент

Өгөгдлийн загварчлал, схемийн дизайн, гүйцэтгэлийг оновчтой болгох зэрэг мэдээллийн санг зохион бүтээх, удирдах.

  • Өгөгдлийн дэд бүтцийн менежмент

Hadoop, Spark эсвэл NoSQL мэдээллийн сан зэрэг үүлэн дээр суурилсан эсвэл газар дээрх өгөгдөл хадгалах, боловсруулах системийг удирдах, оновчтой болгох.

  • Мэдээллийн чанарын хяналт ба баталгаажуулалт

Өгөгдлийн үнэ цэнийг тогтоох, профайл хийх, өгөгдлийн санг цэвэрлэх зэрэг өгөгдлийн чанарыг баталгаажуулах аргуудыг боловсруулж хэрэгжүүлэх.

  • Хамтын ажиллагаа

Өгөгдлийн хэрэгцээг ойлгох, асуудлыг шийдвэрлэх, шийдлийг боловсруулахын тулд дата судлаачид, шинжээчид болон бусад оролцогч талуудтай нягт хамтран ажиллах.

  Дата инженерүүд мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг олгодог дэд бүтэц, системийг бий болгох, засварлах гэсэн үүрэгтэй бол бол дата шинжээчид мэдээлэл олж авах, шийдвэр гаргалтыг мэдээллэхэд анхаардаг. Хэдийгээр тус хоёр мэргэжлийн хооронд ажил үүргийн ганц нэг давхцал бий ч тэдгээр нь өөр өөр ур чадвар шаарддаг бөгөөд албан байгууллагад ч мөн өөр өөр чиг үүргийг гүйцэтгэдэг.

  • ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

 

  Программ хангамжийн инженерүүд дэлхий даяарх хувь хүмүүс болон байгууллагуудын ашигладаг програм/веб/аппликейшн зэрэг технологийн хангамжийг зохиох, боловсруулах, түүнийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн түүнийгээ турших засвар үйлчилгээ хийх гэхчлэн нэмэлт үүргүүд бий. Өөрөөр хэлбэл, технологийн багтай хамтран, хувь хүн эсвэл албан байгууллагуудад ашиглаж болох тусгай веб/программ/аппликейшн зэргийг програмчлалын хэл ашиглан боловсруулах явдал юм.

Дундаж цалин: 116,638$

Нээлттэй ажлын байр: 64,155

Ажлын байран дахь сэтгэл ханамж: 3.9/5

Үндсэн ажил үүрэг 

  • Тусгай хэрэглээ, зориулалтад таарсан программ/веб/аппликейшн хөгжүүлэх

Программ хангамжийн инженерүүд үйлчлүүлэгч эсвэл байгууллагын шаардлагад нийцсэн програм боловсруулдаг. Тэд хөгжүүлэгчдийн багтай хамтран код бичиж, чанарын стандартыг хангасан програм/веб/аппликейшнийг бүтээн түүнийгээ үр ашигтай, найдвартай эсэхийг баталгаажуулдаг.

  • Туршилт, дибаг хийх

Программ хангамжийг хөгжүүлж, боловсруулсны дараа хүлээлтэд нийцэхүйц байдлаар ажиллаж байгаа эсэхийг шалгадаг. Програм хангамжийн инженерүүд тухайн програм програм/веб/аппликейшнийг турших, илэрсэн алдааг засах үүрэгтэй.

  • Програм хангамжийн засвар үйлчилгээ

Програм хангамжийн инженерүүд нь алдаа засах, програм хангамжийг шинэчлэх, үргэлжлүүлэн хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах зэрэг засвар, хяналт хийх үүрэгтэй.

  • Бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах

Програм хангамжийн инженерүүд төслийн менежер, дизайнер, чанарын баталгаажуулалтын инженер зэрэг бусад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, үйлчлүүлэгчийн шаардлагын дагуу программ боловсруулан хүргэхийг зорьдог.

  • Шинэ технологиос хоцрохгүй байх

Програм хангамжийн инженерчлэл бол асар хурдацтай хөгжиж буй салбар бөгөөд програм хангамжийн инженерүүд салбартаа өрсөлдөх чадвартай хэвээр байхын тулд цаг үргэлж шинэ технологид суралцаж, програмчлалын хэлийн чиг хандлагыг дагах хэрэгтэй. 

  • JAVA ХӨГЖҮҮЛЭГЧ 

 Java хөгжүүлэгч гэдэг нь Java програмчлалын хэлийг ашиглан програм боловсруулах чиглэлээр мэргэшсэн програм хангамжийн инженерүүд юм. Java бол аж ахуйн нэгжийн түвшний программ хангамж, гар утасны аппликейшн, вэб загварчлал бүтээхэд өргөн хэрэглэгддэг алдартай програмчлалын хэл юм.

Дундаж цалин: 107,099$

Нээлттэй ажлын байр: 10,201

Ажлын байран дахь сэтгэл ханамж: 4.1/5

Үндсэн ажил үүрэг 

  • Аппликейшн хөгжүүлэх

Java хөгжүүлэгчид Java програмчлалын хэлийг ашиглан программ зохиож хөгжүүлдэг. Тэд үйлчлүүлэгч эсвэл байгууллагын шаардлагад нийцсэн програм хангамжийг бий болгохын тулд код бичиж, хөгжүүлэлтийн хэрэгслийг ашигладаг.

  • Туршилт, дибаг хийх

Java хөгжүүлэгчид программуудыг турших, хөгжүүлэлтийн явцад гарсан аливаа асуудлыг засах үүрэгтэй.

  • Техникийн нарийвчлал тодорхойлох

Java хөгжүүлэгчид программ хангамжийн бүтэц, өгөгдлийн урсгал, хэрэглэгчийн интерфэйс зэрэг программын шаардлагыг тодорхойлсон техникийн нарийвчлалыг бий болгодог.

Дээр дурьдсан программ хангамжтай ажил үүргийн хувьд адилхан ч гэлээ аль программын хэлийг ашиглахаас шалтгаалан энэ жилийн хамгийн тохиромжтой, эрэлттэй ажлын байрны жагсаалтад оржээ. Дүгнэж харвал, програм хангамжийн салбарт Java хэлтэй хөгжүүлэгчид тэргүүлэх байр суурь эзэлдэг аж.

  • БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЕНЕЖЕР 

Бүтээгдэхүүний менежерүүд тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх цагаас эхлэн үйлчлүүлэгчийн гарт очих хүртэл түүний үйл явц, менежментийг хянах үүрэгтэй. Бүтээгдэхүүн нь зах зээлийн хэрэгцээ, компанийн зорилгод нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд инженерчлэл, дизайн, маркетинг, борлуулалт зэрэг янз бүрийн албуудтай хамтран ажилладаг.

Дундаж цалин: 125,317$

Нээлттэй ажлын байр: 17,725

Ажлын байран дахь сэтгэл ханамж: 4.0/5

Үндсэн ажил үүрэг 

  • Бүтээгдэхүүний стратегийг тодорхойлох

Бүтээгдэхүүний менежерүүд бүтээгдэхүүний борлуулах явцын зураглал, зорилтот зах зээл, бүтээгдэхүүний байршил зэргийг багтаасан стратегийг тодорхойлдог. Мөн тухайн бүтээгдэхүүн нь зорилтот зах зээлийн хэрэгцээ, компанийн зорилгод нийцэж байгаа эсэхийг хянахын тулд бусад багуудтай хамтран ажилладаг.

  • Зах зээлийн судалгаа хийх

Бүтээгдэхүүний менежерүүд хэрэглэгчийн хэрэгцээг ойлгох, зах зээлийн боломжуудыг тодорхойлох, салбарын чиг хандлагыг хянах зорилгоор зах зээлийн судалгаа хийдэг. Тэдгээр мэдээллийг бүтээгдэхүүнтэй холбоотой шийдвэр гаргахад ашигладаг бөгөөд бүтээгдэхүүн зах зээлд өрсөлдөх чадвартай гэдгийг гол нь нотлох ёстой.

  • Бүтээгдэхүүний боловсруулах үйл явцыг удирдах

Бүтээгдэхүүний менежерүүд нь бүтээгдэхүүн боловсруулах үйл явцыг хянадаг бөгөөд үүнд инженерийн болон дизайны багтай хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийг тодорхой стандартад нийцэхүйц техникийн үзүүлэлтийн дагуу боловсруулж, зорилтот зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохируулан боловсруулдаг.

  • Бусад багуудтай хамтран ажиллах:

Бүтээгдэхүүний менежерүүд маркетинг, борлуулалт зэрэг бусад багуудтай хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийг амжилттай гаргаж, зорилтот зах зээлд борлуулдаг.

  • Бүтээгдэхүүний гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх

Бүтээгдэхүүний менежерүүд борлуулалтын мэдээлэл, үйл явц, хэрэглэгчийн санал хүсэлт, зах зээлийн чиг хандлага зэрэг бүтээгдэхүүний гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, сайжруулах боломжуудыг тодорхойлж удирдлагуудад танилцуулахын сацуу ойрын хугацаанд гаргах бүтээгдэхүүнд санал хүсэлтээ өгнө.

  • Бүтээгдэхүүнтэй холбоотой асуудалд шийдвэр гаргах

Бүтээгдэхүүний менежерүүд хэрэглэгчийн санал хүсэлт, зах зээлийн чиг хандлага, компанийн зорилгод тулгуурлан онцлогийг эрэмбэлэх, үнэ тогтоох, бүтээгдэхүүний байршлыг тогтоох зэргээр бүтээгдэхүүнтэй холбоотой бүх асуудалд зохистой шийдвэр гаргах үүрэгтэй.

ДҮГНЭЛТ

  Бид алхам бүртээ автоматжуулсан, хялбарчилсан ямар нэг “программ”тай үргэлж харьцаж байдаг. Өдөр тутмын ердийн амьдрал технологиос нягт хамааралтай болсон цаг үед тухайн ажил мэргэжлийн эрэлт ч мөн ихэсч байна. Программ хангамжийн мэргэжлийн давуу тал нь аль ч салбар луу хөрвөх боломжтой бөгөөд ажлын байрны олдоц, цалин хангамж ч мөн өндөр байгааг энэхүү судалгаа харууллаа. Дээр дурьдсан мэргэжлийн дийлэнх нь программын хэл болон судалгаа шинжилгээ хийх чадварт тулгуурлаж буй тул ирээдүйн ажлын байрны эрэлт, тавих шалгуурын чиг хандлага ч мөн ойлгомжтой болж байна.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.