Зорилгодоо хүрэх тууштай байх сахилга бат

2021/11/02 Админ 1628 1 сэтгэгдэл

 

Мариетта өдөр бүр үүр цайхтай зэрэгцэн босч дасгал хийдэг. Ажил дээрээ өндөр бүтээмжтэй байж, элдэв зүйлд огт сатаардаггүй бөгөөд маш чухал төслүүдэд хамаг анхаарлаа хандуулдаг. Харин оройн цагаар онлайн хичээлд суудаг ба хэдхэн сарын дараа Бизнесийн удирдлагын магистр болно.

Мариетта шиг хүмүүс яаж тийм их амжилтанд хүрч, тууштай байж чаддаг вэ? Бид хувийн амьдрал болон карьертаа яаж тэдэн шиг амжилттай байх вэ? Хувийн сахилга баттай байх нь эдгээр асуултын хариулт болж чадна.

Зорилгодоо хүрэх хүртлээ уруу таталтыг эсэргүүц.

“Чи хэзээ ч уулыг нурааж, усыг эргүүлж чадахгүй. Харин зөвхөн өөрийгөө л ялж чадна”

Жим Уиттакер, АНУ-ын уулчин, СЕО

Хувийн сахилга бат гэж юу вэ? Үүнийг яагаад сайжруулах хэрэгтэй вэ?

Хувийн сахилга бат гэдэг нь өөрт таагүй байсан ч зорилгынхоо төлөө тууштай зүтгэх, аливаад уруу татагдахгүй байх чадвар юм. Энэ нь бидний амьдралын олон салбарт чухал нөлөөтэй.

Жишээлбэл, дургүй ажлаа ч чанартай сайн гүйцэтгэхэд сахилга бат бидэнд тусладаг. Сахилга батын ачаар бид боломжгүй мэт санагдах бэрхшээлийг ч даван туулж амжилтанд хүрч чадна.

Мөн суралцах чадвар, ажлын үр дүнг сайжруулахад сахилга баттай байдал бидэнд тусладаг. Судалгаанаас үзэхэд сахилга баттай оюутнууд сахилга бат муутай хүмүүсээс илүү сурсан мэдсэнээ санах чадвар сайтай төдийгүй ажилдаа илүү няхуур ханддаг учраас гүйцэтгэл нь ч сайжирдаг болох нь батлагджээ.

Хувийн сахилга батаа хэрхэн сайжруулах вэ?

Сахилга бат гэдэг булчинтай адил. Хэдий чинээ их хөгжүүлнэ, төдий чинээ хүчирхэгжсээр байна. Гэхдээ эхний ээлжинд хэрээсээ хэтэрсэн зорилго тавих хэрэггүй. Харин жижиг зорилго тавьж аажмаар шаардлагаа өндөрсгөөрэй.

Хувийн сахилга батаа сайжруулахын тулд доорх 5 алхмыг хэрэгжүүлээрэй:

  1. Тодорхой зорилго тавь

Нэг удаа зөвхөн нэг л зорилго дээр анхаарлаа хандуулаарай. Орой бүр дасгал хийж эхлэх, долоо хоногт нэг ном унших, нэг цагийн турш утасныхаа зурвасыг шалгахгүй урдах ажилдаа төвлөрөх зэрэг аль болох жижиг зорилго дээр төвлөрөх хэрэгтэй.

  1. Урам зориг өгөх зүйлээ ол

Зорилгоо тодорхойлсныхоо дараа яагаад тэр зорилгод хүрэх ёстой вэ гэдгээ аль болох эергээр жагсаан бичээрэй.

Жишээ нь, “Би илүүдэл жингээ хасахын тулд долоо хоногт гурван удаа дасгал хийнэ” гэж бичихийн оронд “Би хүүхдүүдтэйгээ тоглож, ажилдаа амжилт гаргах эрч хүчтэй байхын тулд долоо хоногт гурван удаа дасгал хийнэ” гэх маягаар аль болох эерэг үгсээр жагсаалт гаргах нь зүйтэй.

  1. Саад бэрхшээлийг тодорхойл

Зорилгодоо хүрэхэд тань учирч болох саад бэрхшээлийг тодорхойлж, үүнийг даван гарах стратеги боловсруул. Жишээлбэл, долоо хоногт нэг ном унших зорилго тавьлаа гэхэд ажлаа тараад оройн хоолоо хийгээд хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авах зэргээр ном унших цаг зав гарахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд цахим ном сонгон захиалаад, гар утас, таблет зэрэгтээ суулган байнга гартаа ойрхон авч байлгаж, түгжрэлд, хүүхдүүдээ тарахыг хүлээж байх зууртаа уншиж болно.

  1. Хуучин муу зуршлаа шинэ дадлаар орлуул

Хувийн сахилга батаа сайжруулах явцдаа бид хуучин муу зуршлаа халж, оронд нь илүү бүтээмжтэй сайн зуршлаар орлуулах хэрэгтэй. Хэрэв хуучин зуршлаа халсан ч оронд нь хийх зүйлээ олоогүй бол төдийлөн үр дүнд хүрч чадахгүй. Жишээ нь та ажлынхаа дундуур цахим дэлгүүр хэсэх донтой байлаа гэхэд энэ бол маш их цаг үрж, анхаарал сарниулдаг муу зуршил гэсэн үг. Харин үүнийг сунгалт хийх, түр босч аяга кофе уух зэрэг үр ашигтай, таныг амрааж чадах зуршлаар солиорой.

  1. Ахиц дэвшлээ хяна

Сахилга баттай болохоор хичээх явцдаа өөрийн сайжирч, хүчирхэгжиж буйгаа мэдрээрэй. Та эрх чөлөө, баяр хөөрийг, эрч хүчийг мэдрэн, өөрөөрөө бахархах болно.

Хэрэв та хувийн сахилга батаа сайжруулахаар шийдсэн бол анхаарал сарниулах зүйлсээс зайлсхий. Зайлсхийх гэж буй зүйлээ ашиглахад хэцүү болго. Жишээлбэл, ажилдаа төвлөрөх сахилга баттай болоход тань нийгмийн сүлжээ (Social Media) саад болж байвал Freedom, Anti-Social зэрэг интернет хориглогч ашигласнаар тэдгээр сайт руу ажил дээрээсээ нэвтрэх боломжгүй болно.

Амжилтанд хүрсэн үедээ өөрийгөө урамшуулах нь тун чухал. Ололт амжилтаа тэмдэглэх нь бүх зүйлийг хөгжилтэй болгож, цааш үргэлжлүүлэх хүчийг өгдөг.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин Б.Ренчинжүгдэр. [66.181.161.14] 2021/11/14
маш зөв..... сэтгэгдэл 100%
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.