
2300 жилийн тэртээ Аристотель бусдыг яриандаа автуулан итгүүлэх гайхалтай нууцыг бичиж үлдээсэн бөгөөд тэр нууц нь өдийг хүртэл олон нийтийн яриа, илтгэх урлагийн талаар бичигдсэн, зохиогдсон бараг бүх номны үндэс суурийг бүрдүүлсэн байна.
Магадгүй та 2300 жилийн түүхтэй онол орчин цагийн илтгэл танилцуулах ур чадвартай ямар холбоотой болохыг гайхаж байгаа байх.
Тэгвэл энэ нийтлэлээс та этос, патос, логос гэж юу болох тухай, илтгэгч хүний ярих гурван тулгуур баганын талаар, мөн яагаад энэ эртний онол орчин цагт ч гэсэн хүчин төгөлдөр байгаа тухай олж мэдэх болно.
Хамгийн энгийнээр хэлбэл эдгээр нь:
Этос: илтгэгчийн үнэмшилтэй байдал (эсвэл зан чанар)
Патос: сонсогчидтой холбогдох сэтгэл хөдлөлийн холбоо
Логос: логик аргумент
Энэ гурван ойлголт бүрдэж нийлснээр та сонсогчдын анхаарлыг татаж, яриандаа итгүүлэх боломжтой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үзэгчид таны яриаг хүлээж авахаас өмнө та эдгээрийг өөрийн илтгэлд шигтгэх хэрэгтэй бөгөөд энэ нь илтгэлд заавал байх ёстой чухал чанарууд юм.
МЭӨ 4-р зуунд Грекийн аугаа гүн ухаантан Аристотель уран илтгэх урлагийн талаарх өөрийн бодлоо бусдыг итгэн үнэмшүүлэх гурван онолын хамт “Он Риторик”/Аристотелийн гаргасан ном/-т нэгтгэжээ.
Харилцааны, илтгэх урлагийн олон багш нар Аристотелийн On Rhetoric-ийг илтгэх урлаг, ятгалга чиглэлээр хийгдсэн хамгийн чухал ажилбар гэж үздэг. “Барууны илтгэх урлаг: Газар дундын тэнгисээс дэлхий хүртэл” номын зохиогчид редакторууд хүртэл тус бүтээлийг урьд өмнө бичигдэж байсан ятгах ур чадварын хамгийн чухал цор ганц бүтээл” гэж нэрлэдэг. Үүний баталгаа бол орчин үеийн ихэнх илтгэх ур чадвар олгох зөвлөгөөний бүтээлүүд Аристотель-с үндэс сууриа авсан байдаг.
Та бэлдсэн бүх зүйлээ сонсогчдод итгүүлэхээсээ өмнө эхлээд тэдэнд найдвар төрүүлэх хэрэгтэй. Танд итгэж, таныг найдвартай гэж хүлээж авсны дараа тэд таны ярианд итгэх нь хурдан байдаг. Яг үнэндээ итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх олон аргууд байдаг.
Өөрийгөө найдвартай эх сурвалж мөн гэдгийг та зөвхөн өөрөө мэдэх нь хангалттай биш гэдгийг санаарай. (Энэ нь таны өөртөө бие даасан байдал, туршлага, мэргэшлийн талаар биш юм.) Гол нь таны үзэгчид үүнийг мэдэж байх ёстой. Этос бол таны үзэгчдийн хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшлийн төвшин юм.
Бид итгэл үнэмшлийг илүү нарийвчлан тодорхойлж, үүний хэрхэн бий болгох талаар жишээ авч үзэн судлах болно.
Патос бол сонсогчдын сэтгэл хөдлөлийг татах чанар юм.
Сонсогчидтой сэтгэл хөдлөлөөр холбогдох олон арга байдаг. Үүний нэг нь урьд нь өгүүлэгдээгүй, хөндөгдөөгүй үлгэр домог, бусдын түүхийг ярих явдал юм. Өгүүллэг, анекдот (бодит хүний богино сургамжит түүх), аналоги (утга дамжуулан танин мэдэх үйл явц), симил (харьцуулсан дүгнэлт), метафор (хэлц үг), зэргийн зорилго нь таны үндсэн хэлэх гэсэн үндсэн санааг үзэгчдийн сэтгэл хөдлөлтэй холбох явдал юм.
Бид энэ тухай илүү нарийвчлан судалж, үзэгчдийн сэтгэл хөдлөлийг ашиглан итгэлцэл үүсгэх талаар авч үзэх болно.
Логос нь логик аргумент, баталгаа нотолгоо гэсэн утгатай.
Таныг илтгэлээ эхлэхээс өмнө хүмүүс шуугиж байна уу эсвэл чимээгүйхэн таныг хүндэтгэж байна уу? Тэдний хүлээлт хэр өндөр байгаа бол? Хэрвээ тэд таныг сонсохгүй, ярьж эхэлж байгааг тань анзаарахгүй байвал та маш том этосын дутагдалтай байгаа төдийгүй сонсогчид танд итгэхгүй байгаагаа илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Тиймээс доорх мэдээлэлд Этос гэж чухам юу болох тухай, түүний ая холбогдол арга барилын тухай дурдлаа.
Этосыг анх Аристотель "On Rhetoric" бүтээлд итгэж болохуйц, итгэл үнэмшил гэж тодорхойлсон байдаг. Бид зан чанар сайтай хүмүүст итгэх магадлал өндөр байдаг гэж тэр бичжээ.
Аристотель хожим нь уг шинж чанарын тодорхойлолтыг өргөжүүлж, дотоод шинж чанараараа эсвэл дасан зохицох шинж чанараараа ижил төстэй хүн биднийг ятгах магадлал өндөр байдаг хэмээсэн байдаг.
Аристотель итгэл үнэмшлийг тодорхойлохдоо илтгэгчийн эрх мэдэл (засгийн газрын удирдагч) эсвэл нэр хүнд (салбарын мэргэжилтэн) гэсэн ойлголтыг оруулаагүй боловч тус итгэн үнэмшүүлэх арга нь ( этос нь ) явцуу утгаараа удирдагчид илүү итгэл даадаг гэсэн утга агууламжтай агаар нэг юм.
Этосыг итгэлцэл гэж нэрлэе. (үзэгчдийн ойлголтоор)
Илтгэгчийн итгэлцлийг дараах гурван шинж чанараар хэмжинэ:
1. Сонсогчидтой ижил төстэй байдал
2. Сонсогчдоос давсан харьцангуй давамгай эрх мэдэл
3. Нэр хүнд эсвэл мэргэжил
“Хэрэв сонсогчид таныг анхааралтай сонсож байгаа бол таны хэлж буй зүйлсийг үнэн гэж тэд бүрэн итгэжээ”
Дэлгэрэнгүйг Реторик хөтөлбөрөөс...