2022 онд шинээр гарах 22 шинэ технологи

2022/02/18 Админ 4157 0 сэтгэгдэл

 

Корона вирусын вакциныг маш хурдан хугацаанд зохион бүтээсэн нь шинжлэх ухаан, технологи ямар хурдтай, хүчтэй болсныг харуулсан. Шинэ технологид суурилсан вакциныг маш хурдтай гаргаж авсан мэт боловч үүнтэй холбоотой суурь судалгааг 1970-аад онд эхлүүлсэн байжээ. Үүнээс үзэхэд нэг л өглөө сэрэхэд гарчихсан байдаг технологийн салбарын нээлт, амжилтуудын цаана хэдэн арван жилийн ажил хийгдсэн байдаг. Яг үүнтэй нэгэн адилаар 2022 онд шинээр гарах 22 шинэ технологитай танилцацгаая:

#1. Нарны гео инженерчлэл: 1991 онд болсон Пинатубо галт уулын дэлбэрэлтээс үүссэн тоос, үнс агаар мандлын дээд давхаргад хүрч дэлхийн цаг агаарыг 4 жилийн турш 0.5°C-аар хөргөсөн. Үүнтэй холбоотойгоор Харвардын их сургуулийн баг кальцийн карбонат гэх мэт ямар нэгэн бодосыг агаар мандалд уусгах туршилт хийхээр Харвардын их сургуулийн баг ажиллаж байна. Үүнд маш олон төрлийн зөвшөөрөл авах хэрэгтэй байгаа ч тэд туршилт амжилттай болвол дэлхийн дулаарлыг бууруулахад энэ технологийг ашиглаж болно гэж үзэж байна.

#2. Температур хувирган дамжуулагч: Өвлийн улиралд барилга, байгууламжуудын халаалтад дэлхийн эрчим хүчний хэрэглээний ¼-ийг зарцуулдаг. Одоогоор нүүрс, газ, тос ашиглан халаалтын асуудлыг шийдэж байгаа нь дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа. Энэ асуудлыг шийдэх зорилгоор air conditioner, зуух 2-ыг орлуулах төхөөрөмж болох температур хувирган дамжуулагч зохион бүтээгээд байна. Энэ нь өвлийн улиралд гаднах хүйтэн агаараас халууныг ялган авч байгууламжийн дотно талыг дулаанаар хангадаг харин гадна орчин халуун болох үед халуунаас хүйтнийг ялгаж байгууламжийг сэрүүцүүлдэг төхөөрөмж юм.

#3. Ус төрөгчтэй түлшээр ажилладаг онгоц: Цахилгаан машины адилаар онгоцыг цахилгаанаар нисгэж болох ч одоогоор жижиг онгоцыг богино зайд л нисгэх боломжтой. Устөрөгчтэй түлшнээс гаргаж авсан тогоор ажилладаг 2-40 хүний суудалтай онгоцуудыг 2022 онд туршилтад оруулж технологийг батлуулахаар судлаачид ажиллаж байна.

#4. Нүүрстөрөгчийн давхар ислийг агаараас соруулж авах технологи: Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл нь дэлхийн дулааралд нөлөөлөгч томоохон хүчин зүйлсийн нэг юм. Технологи ашиглан нүүрстөрөгчийн давхар ислийг соруулан авч дэлхийн дулаарлыг саармагжуулахаар Канад, Швецарь, АНУ-ын фирмүүд ажиллаж байна.

#5. Босоо хэлбэрийн газар тариалан: Хаалттай орчинд тавиуруудыг дээр дээрээс нь давхарлан газар тариалан эрхлэх шинэ технологи бүтээх ажил дэлхийн олон оронд өрнөж байгаагийн нэг нь Их Британид Жонс Хүнсний компанийн 2022 онд нээх 13,750 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан дэлхийн хамгийн том босоо ферм юм. Тэд ингэхдээ лед гэрэл ашиглана. Ингэснээр фермүүд хэрэглэгчтэй ойрхон байршиж тээврийн зардал буурах, шавьжнаас хамгаалах хор хэрэглэх шаардлагагүй болж байгаа ч цахилгааны зардал өндөр байгаа нь сул тал болоод байна. Босоо фермүүд ихэвчлэн өндөр үнэтэй навчит ногоо, ургамлууд тарьдаг ч зарим нь улаан лооль, чинжүү, жимс жимсгэнэ тариалахаар оролдож байна. Энэ технологийг эдийн засгийн хувьд ашигтай болгох нь чухал болоод байна.

#6. Далбаат ачааны усан онгоцууд: Хүлэмжийн хийн ялгарлын 3% усан онгоц ашиглалтаас үүсч хүчиллэг бороо орох шалтгаан болдог. Үүнийг шийдэхийн тулд  Франц, Япон, Итали зэрэг орны хөлөг онгоц үйлдвэрлэгчид хийлдэг, эвхдэг хатуу, дурантай гэх мэт олон төрлийн далбааг далбаагүй явдаг томоохон усан онгоцуудад суулгах технологи хөгжүүлж эхлээд эхний 10 усан онгоц ашиглалтад орсон байна.

#7. Дасгалын VR төхөөрөмжүүд: Маш олон хүн дасгал хөдөлгөөн хийе гэж боддог ч урам зориг дутсандаа эсхүл зав чөлөө гаргаж чаддаггүй. Харин энэ асуудлыг шийдэхээр Oculus Quest 2 хэмээх VR төхөөрөмж худалдаанд гарсан нь цар тахлын хөл хорионы үед хүмүүсийн анхаарлыг татсан. VR чихэвчийг зүүгээд тоглох, зааварлагчтай дасгал хийнгээ калори шатаах боломж үүсээд байна.

#8. ДОХ болон хумхаа өвчний вакцин: Модерна корона вирусын вакцин үйлдвэрлэсэн технологио ашиглан ХДХВ-ийн эсрэг вакцин гаргаж авах эхний шатны туршилтаа 2021 онд хийсэн ба дараагийн шатны туршилтыг 2022 онд хийхээр төлөвлөж байна. Мөн Оксфордын их сургуулийн баг өөрийн технологи дээр үндэслэн энэ төрлийн вакцин зохион бүтээж байна. BioNTech компани хумхаа өвчний вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд 2022 онд туршилтаа хийхээр төлөвлөж байна.

#9. 3D ясны суулгац: Судлаачид маш олон жилийн турш 3D технологи ашиглан хүний эд эрхтэнг зохиомлоор гаргаж авахаар оролдсоор ирсэн. Одоогийн байдлаар махлаг эрхтэнг гаргах арга олоогүй байгаа ч 2022 онд хүний ясыг зохиомлоор гаргаж авахаар Particle3d болон Adam компаниуд ажиллаж байна. Хэрвээ энэ ажил амжилттай болвол зүрхний хавхлаг гаргаж авахаар төлөвлөж байна.  

#10. Нисдэг электрон такси: Дэлхийн хэд хэдэн компани нисдэг машины туршилтаа 2022 онд эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээрийн нэг болох Германы Volocopter компани 2024 оны Парисын олимпын үеэр агаарын такси үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

#11. Сансрын аялал жуулчлал: Ричард Брэнсон, Жефф Безос, Элон, Элон Маск тэргүүтэй эрхмүүдийн эхлүүлсэн сансрын аялал жуулчлалын үйлчилгээ 2022 зах зээлд нэвтрэх магадлал тун өндөр байна. Ричард Брэнсоны эзэмшлийн Virgin Galactic компани 2022 оны 4 дүгээр улиралд олон нийтэд үйлчилгээ үзүүлж эхлэхээр төлөвлөж байна.

#12. Хүргэлтийн дрон: 2021 оноос хэрэгжиж эхэлсэн шинэ дүрэм, журмын нөлөөгөөр хүргэлтийн дроны үйлчилгээ 2022 онд эрчимжих төлөвтэй байна. Ирландын Галвэй мужид ном, хоол, эм нийлүүлдэг стартап болох Манна компани Ирланд болон Их Британид үйлчилгээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байна. Болгарын стартап Дронамикс Европын 39 нисэх онгоцны буудлын хооронд ачаа тээвэрлэхэд далавчтай дрон ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.

#13. Дуу тарах хурднаас хурдан нисдэг онгоцны чимээ бага гаргадаг онгоцны чимээ багатай хувилбар: Дуу тарах хурдаас хурдан онгоц нисэхэд аянга бууж байгаа мэт чанга чимээ гардаг учраас газар дээгүүр нисэхийг хуулиар хориглодог. Одоогоор зохиогдсон байгаагаас 8 дахин бага чимээ гардаг онгоц бүтээх туршилт хийгдэж байгаа бөгөөд энэ амжилттай болвол нисэх онгоцны салбарт хувьсгал гарна.

#14. 3D байшин: Архитекторууд ихэвчлэн 3D хэвлэлтийн технологи ашиглан барилгын масштабын загвар хийдэг байсан ч 2022 онд энэ технологиор бүтэн барилгын хотхон босгохоор ажиллаж байна. Техас мужид төвтэй icon компани нь Остин хотын ойролцоо 3D хэвлэсэн 100 байшин барьж эхлэхээр төлөвлөж байгаа нь энэ төрлийн хамгийн том бүтээн байгуулалт болох юм.

#15. Хүний тархийг компьютертэй холбох технологи: Хүзүүн дэх артерийн судсаар дамжуулан жижиг wifi-аар ажилладаг электрод  тархинд суулгаснаар тархинаас комманд хүлээн авч компьютер дээр гүйцэтгэх боломж бүрдэнэ. Ингэснээр саажилтын улмаас гараа хөдөлгөж компьютер хэрэглэж чадахгүй байгаа хүмүүс хэрэглэх боломжоор хангагдана. Мөн мэдрэлийн системийн өвчнүүдийг оношлох, эмчлэх боломж бүрдэнэ.

#16. Хоол тэжээлийг тусгайлан зохицуулах төхөөрөмж: Нэг ижил дэглэм хүн болгонд харилцан адилгүй үйлчилж байгаагаас хүн бүрийн метаболизм өөр, тиймээс өөр өөр төрлийн хоол хүнс хэрэглэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Зоосны хэмжээтэй төхөөрөмжийг арьсандаа наахад хэзээ, юу идэхийг зааж өгдөг. Үүний тулд машин сургалтын алгоритм, цус, гэдэсний микробиомын шинжилгээ, амьдралын хэв маягийн хүчин зүйлсийн өгөгдлийг ашигладаг. Мөн цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянадаг байна.

#17. Өмсөж, зүүж болдог эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүнүүд: Apple 2022 он гэхэд одоо гарсан байгаа цагныхаа дараагийн хувилбарыг гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр цусан дах сахар, алкохолын хэмжээ, цусны даралт, биеийн халууныг цагаараа хэмждэг болно.

#18. Метаверс: Энэ нь AR, VR болон видео зэрэг олон технологийн элементийн нэгдэл бөгөөд хэрэглэгчид энэхүү дижитал ертөнц дотор амьдрах боломжтой болно. Марк Цукерберг үүнийг "Интернетийн дараагийн хуудас" гэж тодорхойлоод байна. Нөгөөтэйгүүр энэ технологи бодит ертөнц виртуал ертөнц давхар орших боломжийг нээж буй юм. Жишээ нь, AR/VR төхөөрөмжөө зүүгээд найзуудтайгаа уулзах, дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэхээс эхлээд хайртай тамирчныхаа өмсгөлийг худалдан авч виртуал ертөнц дэх өөрийн аватараараа гангарах боломжтой. Тэр ч байтугай гэрээсээ ажил дээрээ байгаа мэт ажиллаж болно. Харин энэ орон зайд бүх бараа бүтээгдэхүүн NFT хэлбэрт байх бөгөөд худалдан авахдаа криптогоор төлбөрөө хийх аж.

#19. Квантын тооцоолол: Өмнө нь зөвхөн онол хэлбэрээр ашиглагддаг байсан Квантын тооцооллыг ашиглан шинэ төрлийн маш өндөр хүчин чадалтай компьютер, криптовалютын тооцоолол хийх чадвартай тооны машин бүтээхээр ажиллаж эхний хувилбарыг Хятадын эрдэмтэд гаргаж аваад байна. Машиныг төгс сайн бүтээхийн тулд нэлээд их хугацаа орж магадгүй ч ашиглалтад орвол маш том бизнес болох нь тодорхой байна.

#20. Робот цахим инфлюенсер: Моделиуд эсхүл олны танилуудтай хамтран ажиллахад хоцрох, өвдөх гэх мэт хүндрэл учирдагыг технологийн тусламжтай виртуал инфлюенсер гаргаж аван шийдсэн байна. Хамгийн алдартай нь Микела Соуса буюу "Лил Микела" Бразил гаралтай Америк робот цахим инфлюенсер инстаграмд 3 сая дагагчтай болжээ.

#21. Нойрны технологи: Силикон валейд нойрны чанарыг бүртгэж, хянадаг бөгж, толгойн тууз, тайвшруулах дууны машин, гудас халааж хөргөх төхөөрөмж, ухаалаг сэрүүлэг зэрэг нойрсолттой холбоотой маш олон төхөөрөмж бүтээгээд байна. Силикон валейд бүтсэн эдгээр төхөөрөмжүүдийг дэлхийн өнцөг булан бүр дэх үйлдвэрлэгчид дуурайн хийж тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээ болох төлөвтэй байна.

#22. Үйлдвэрийн аргаар гаргаж авсан мах: Амьтдыг гэмтээхгүйгээр авсан эсүүд ашиглан уураг, сахар, өөх тос, витамин, эрдэс бодисоор баялаг мах үйлдвэрлэж эхлээд байна. 2020 онд Сан Франциско хотод байрладаг хиймэл мах үйлдвэрлэгч Eat Just компани Сингапурт бүтээгдэхүүнээ борлуулсан анхны гэрчилгээтэй компани болсон. Энэ чиглэлээр бусад компаниуд олон янзын амьтны мах гаргаж авсан бөгөөд албан ёсны зөвшөөрөл авахаа хүлээж байна.

Эх сурвалж: www.economist.com

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.