Таныг ямар ч ажилд оруулах Cover Letter

2022/06/29 Админ 2938 0 сэтгэгдэл

 

Cover Letter гэж юу вэ?

Cover Letter нь ажлын анкет, CV-ийн хамтаар илгээдэг нэг хуудас захиа юм. Үүний зорилго нь өөрийгөө танилцуулах, товчхон ажил мэргэжлийн түүхээ хуваалцахад оршдог. Дунджаар Cover Letter-ийн урт нь 250-400 үгэнд багтахаар байх ёстой.

Тус захидал нь үндсэндээ эерэг анхны сэтгэгдэл үлдээх учиртай бөгөөд таныг бусдаас хэрхэн ялгарахаа харуулах сайхан завшаан болдог.

Сайн бичсэн Cover Letter нь хүний нөөцийн менежерийн анхаарлыг татаж таны CV-г унших сонирхол төрүүлдэг. Тиймээс итгэл үнэмшил төрүүлэхүйц Cover Letter бичиж сурах нь маш ач холбогдолтой юм.

Cover Letter нь CV-нд нэмэлт мэдээлэл өгөх зорилготой гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл CV-нд багтсан мэдээллийг захидалдаа ахин дахин давтах шаардлагагүй.

Cover Letter бичихээсээ өмнө анхаарах зүйлс

  • Судалгаа хийх - тухайн компани болон ажлын байрныхаа талаар маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Компанийн вэбсайт, удирдлагуудын твиттер хуудас, LinkedIn дээрх ажилчдын профайлыг сайтар судалж үзээрэй.

  • Мэргэжлийн буюу албаны хэллэг ашиглах – Хэт их зусардсан үг хэллэг хэрэглэх нь тохиромжгүй. Эсвэл санаанаасаа зохиож худал юм бичиж болохгүйг санаарай. Үнэн шударга байдал нь хэзээд хамгийн чухал байдаг.

  • Товчхон бичих Хэт нуршуу захидлыг унших тийм ч таатай биш тул аль болох богинохон, хамгийн чухал гэсэн санаануудаа хамруулсан байхад л хангалттай.

Хэрэв та бэлтгэлээ хангасан бол одоо Cover Letter – ээ бичиж эхэлье. Дараах алхмуудыг дагаарай.

Алхам 1. Толгой хэсэг

Header буюу Толгой хэсэгт холбоо барих мэдээллээ оруулах ёстой.

  • Овог нэр
  • Утасны дугаар
  • И-мэйл хаяг
  • Огноо
  • Хүний нөөцийн менежерийн нэр / албан тушаал
  • Хүсэлт гаргаж байгаа байгууллагын нэр

Жич: Дараахыг нэмэлтээр дурдаж болно.

  • Сошиал медиа профайл - Таны салбарт хамааралтай ямар ч төрлийн хаяг байж болно. Жишээ нь LinkedIn, GitHub (программ хөгжүүлэгчид), Medium (зохиолчдод зориулсан) гэх мэт.
  • Хувийн веб сайт - Хэрэв таны ажлын өргөдөлд ямар нэгэн байдлаар нэмэр болох бол энэ хэсэгт дурдаарай. Таныг мэргэжлийн зохиолч гэж бодъё. Энэ тохиолдолд та блогийнхоо мэдээллийг оруулж болно.

Энэ хэсэгт дурдах ёсгүй зүйлс:

  • Мэргэжлийн бус и-мэйл хаяг - Хэрэв таны имэйл хаяг "brokenangel@gmail.com" гэх мэт бол ажилд авах менежер таныг нухацтай авч үзэхгүй л болов уу. Ажилд орохдоо "[овог/ нэр] + [овог/ нэр] @ email provider.com" форматыг дагаж мөрдөөрэй.

Алхам 2. Хүний нөөцийн менежерт хаяглах

Холбоо барих мэдээллээ бүрэн жагсаасны дараагаар Cover Letter-ийн үндсэн агуулгаа бичиж эхлэх хэрэгтэй. Нэгдүгээрт хүний нөөцийн менежерт захиагаа хаяглана. Англи хэл дээр бичиж байгаа бол алдарт “Dear Sir/ Madam” гэж эхлэх нь тийм ч сайхан санаа биш.

Ирээдүйн ажил олгогчдоо тухайн компанийн талаар судалгаа хийсэн бас тэдэнтэй ажиллах чин хүсэлтэй байгаа гэдгээ харуулахын тулд хүний нөөцийн менежерийн нэрийг дор хаяж мэддэг байх. LinkedIn эсвэл тухайн байгууллагынхаа вэбсайтын “манай хамт олон” хэсгээр зочлоорой.

Алхам 3. Сонирхол төрүүлэхүйц өгүүлбэрээр эхлэх

Ажил олгогч нар хэдэн зуун, заримдаа бүр хэдэн мянган өргөдөл хүлээн авдаг. Тэд Cover Letter бүрийг нэгд нэгэнгүй эхнээс нь дуустал нь уншихгүй нь лавтай.

Тиймээс эхний догол мөрөөс л тэдний анхаарлыг татах нь чухал юм. Хэт ерөнхий, жирийн байвал тоогдохгүй.

Муу жишээ:

Сайн байна уу, намайг Болд-Эрдэнэ гэдэг бөгөөд би А ХХК-д Борлуулалтын менежерээр ажиллах хүсэлтэй байна. Би Б компанид 3 жил борлуулалтын менежерээр ажилласан учраас энэхүү албан тушаалд өөрийгөө тохирно гэдэгт итгэж байна.

Асуудал нь эхний цогцолборт ажилтай байсан гэснээс өөр сонирхолтой юуг ч өгүүлээгүйд байгаа юм. Таны өрсөлдөж буй бусад бүх өргөдөл гаргагчид яг л адилхан бүр танаас ч илүү ажлын туршлагатай байгаа гэдгийг ойлгон тэднээс ялгарах баримтаар эхлэх нь зүйтэй.

Үүний оронд та уншигчийн анхаарлыг татахын тулд 2-3 шилдэг амжилтаасаа дурдах хэрэгтэй. Тухайн албан тушаалд аль болох хамааралтай амжилтаасаа дурдахаа мартваа.

Сайн жишээ:

Намайг Тулга гэдэг бөгөөд би А ХХК-д борлуулалтын менежерийн хувиар борлуулалтын зорилгоо давуулан биелүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэлтэй байна. Би Б компанитай 3 жил хамтран ажилласан. Борлуулалтын менежерийн хувьд би сард дунджаар 30,000 гаруй долларын борлуулалт хийсэн (энэ нь зорилгоосоо 40 орчим хувиар давсан үзүүлэлт юм). Миний өмнөх салбарын туршлага, мөн борлуулалтаараа тэргүүлсэн нь намайг энэ ажилд тохирох ажилтан болохыг илтгэнэ.

Алхам 4. Яагаад та энэ ажилд тохирох хүн гэдгээ тайлбарлах

Энэ хэсэгт та мэргэжлийн ур чадвараа харуулж, бусад бүх өргөдөл гаргагчдаас өөрийгөө илүү тохиромжтой гэдгээ хүний нөөцийн менежерт итгүүлэх юм.

Гэхдээ хамгийн түрүүнд хийх зүйл бол бичихээсээ өмнө тухайн албан тушаалд тавигдах хамгийн чухал шаардлага юу болохыг тодорхойлох хэрэгтэй.

Жишээлбэл, та Facebook-ийн Хөгжүүлэгчийн албан тушаалд өргөдөл гаргаж байна гэж бодъё. Тус зарын хамгийн чухал шаардлага нь:

  • Сард 1000 долларын үнэтэй Facebook зар сурталчилгааны төсвийг удирдаж байсан туршлагатай байх

Одоо, энэ хэсэгт та дээрх шаардлагыг хэрхэн хангаж буй талаараа бичих.

Өмнө нь А ХХК-д Facebook-ийн маркетингийн шинжээчээр ажиллаж байхдаа би зар сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчдийг татах ажлыг зохицуулж, Facebook дээр сар бүр 2000 долларын зар сурталчилгааны төсвийг удирдаж байсан. Компанийн цорын ганц дижитал маркетерийн хувьд би зар сурталчилгаа үүсгэх, удирдах үйл явцыг тууштай хэрэгжүүлсэн.

Алхам 5.  Яагаад тус байгууллагад тохирохоо тайлбарлах

Хүний нөөцийн менежерүүд зөвхөн таныг тухайн ажилд сайн тохирох эсэхэд анхаардаггүй. Тэд мөн компанийнхаа соёлд тохирсон хүнийг хайж байдаг. Өөрөөр хэлбэл та хүний ​​нөөцийн менежерт тэдэнтэй ажиллах чин хүсэлтэй гэдгээ харуулах хэрэгтэй.

Үүний тулд компанийн талаар сайтар судалгаа хийх хэрэгтэй.

  • Тухайн байгууллагын бизнесийн загвар юу вэ?
  • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ юу вэ? Та хэрэглэж үзсэн үү?
  • Компанийн ямар соёлтой вэ?

Та шаардлагатай бүх мэдээллийг компанийн вэбсайт, сошиал платформуудаас мэдэх боломжтой. Дараа нь үүнийгээ текст болгон хувиргах хэрэгтэй.

Алхам 6. Төгсгөлийн цогцолборт:

  • Өмнөх цогцолборуудад хамруулж чадаагүй чухал санаагаа оруулж болно. Танд хэлэх зүйл үлдсэн үү? Ажилд авах менежерт шийдвэр гаргахад нь туслах өөр мэдээлэл байгаа юу? Энэ хэсэгт бичээрэй.
  • Цаг гарган таны Cover Letter-ийг уншсанд талархал илэрхийлэх.
  • Ярилцлага дээр өөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр дуусгаж болно.

Алхам 7. Албан төгсгөл хийх

Хэрэв англи хэлээр бичиж байгаа бол дараахыг ашиглаарай. Мөн Grammarly зэрэг алдаа хянагч программ ашиглан үг үсэг, дүрмийн алдаагаа сайтар хянаарай.

  • Best Regards,
  • Kind Regards,
  • Sincerely,
  • Thank you,

Эх сурвалж: Novoresume; Harvard Business Review


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.