Амжилттай хүмүүс амралтаараа юу хийдэг вэ?

2022/07/08 Админ 2283 0 сэтгэгдэл

 

Амралтгүйгээр удаан хугацаанд ажиллахад ажлын гүйцэтгэл мэдэгдэхүйц сулардаг нь судалгаагаар тогтоогдсон. Амралтаа авснаар эрч хүч нөхөх, бүтээмж нэмэгдэх, стресс буурч, биеийн болон оюуны эрүүл мэнд сэргэдэг зэрэг олон ач холбогдолтой. Мөн илүү бүтээлчээр сэтгэн өмнө нь хэдэн цагаар ч нухаад барахгүй байсан ажилдаа түргэн шийдэл олох боломжийг олгодог.

Зарим компаниудын хувьд ажилчдаа чөлөө авахыг өөрсдөө шаарддаг. Судалгаанаас харахад 10-аас дээш хоног амарсан хүмүүсийн цалин нэмэгдэх магадлал 30%-иар илүү байдаг ба амралтаа зөв өнгөрүүлдэг хүмүүс ажилдаа сэтгэл хангалуун байдаг.

Амралтаас юуг хүсэж байгаагаа тодорхойлох нь чухал.

Хүн бүрийн хувьд хамгийн сайхан гэж хэлэх амралт өөр өөр байдаг. Тиймээс амралт зугаалгыг ямар байх ёстой гэж боддог, таны эрч хүчийг юу нөхдөг зэргийг бодолцон амралтын төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй.  Зарим хүмүүсийн хувьд энэ бол бүтээлч эрэл хайгуул хийх, аялах эсвэл цоо шинэ адал явдалт зүйл туршиж үзэх байдаг бол зарим нь ном унших эсвэл зүгээр л бүтэн өдөржин өрөөндөө байхыг эрхэмлэдэг. Билл Гейтс жил бүр хоёр долоо хоногийн амралт авдаг. Тэрээр энэхүү хугацааг шинэ санаа гаргах, сүүлийн үеийн трендүүдийн талаар уншихад зарцуулдаг бөгөөд өөрийн амралтыг "эргэцүүлэх өдрүүд" гэж нэрлэдэг.

АМЖИЛТТАЙ ХҮМҮҮС АМРАЛТААРАА ЮУ ХИЙДЭГ ВЭ?

1. Үргэлж төлөвлөгөөтэй байдаг

Амжилттай хүмүүс нэг сарын өмнөөс амралтаа төлөвлөж эхэлдэг. Дутуу төлөвлөснөөс болж төсөөлөөгүй хүндрэлтэй байдал үүсэх үүнээсээ болж стресстэх эрсдэлтэй. Хэрэв аялалд явах бол эртнээс буудал, ресторан, тоглолтын тасалбар гэх мэт зүйлсээ захиалсан байх нь санхүү болон сэтгэл санааны хувьд тайван байхад тустай.

2. Амралтаараа ажилладаггүй.

Ажил амьдралын тэнцвэрт байдал нь жинхэнэ амжилтыг авчирдаг. Өөрийгөө хэт их ажиллуулж амралтаа сүйтгээд зогсохгүй ажлаас авах урам зориг, таашаалыг бууруулж хэрхэвч болохгүй. Амралт бол бүтээлч сэтгэлгээг оргилуулж байдаг. Олон хүмүүс ашиг орлого нь буурахвий хэмээн зовниж бүрэн амарч чаддаггүй. Таныг орлож чадах хариуцлагатай хамтрагчаа тодорхойлж түүнд бүх ажлаа даатгаарай.

3. Дэлгэцээс зайлсхийдэг.

Амжилттай яваа хүмүүс амралтаараа гар утас, дэлгэцээс хөндийрч илүү утга учиртай зүйлсэд цагаа зориулдаг. Оронд нь удаан хугацаанд уншихаар төлөвлөсөн ч дуусгаж чадаагүй номоо уншиж тэмдэглэл хөтөлдөг.

4. Тэд гэр бүлдээ цаг зарцуулдаг

Амралтаараа хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх нь туйлын чухал юм. Хамт тренд болж байгаа хит кино, хөтөлбөр үзэх, гэрийнхээ тавилгыг өөрчлөх, амттан хийж сурах гэх мэт зүйлс байж болно. Аливаа зүйлийг хийгээд сурчихсан байхад хүнд хэзээ ч илүүддэггүй. Цоо шинэ хоолны жор сурч эсвэл жигнэмэг, маккарон, цагаан хоолтнуудын иддэг хоолыг гэр бүлийнхэнтэйгээ сурах сайхан завшааныг амралт олгодог.

5. Тэд дасгал хийдэг.

Амжилттай яваа хүмүүс дасгал хөдөлгөөн хийхдээ амралтаар шалтаглаж хойш суудаггүй. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжран бие бялдар хөгжихөөс гадна таны сэтгэцийн эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй.

6. Хоббигоо хөгжүүлдэг.

Хөгжим, спорт, урлаг, ном унших, иогоор хичээллэх, зураг зурах, бүжиг сурах, бичих гэх мэт өөрийн дуртай  эсвэл цоо шинэ хоббигоо хөгжүүлэх нь амьдралыг илүү өргөн харах боломжийг олгоно. Хоббигоо хөгжүүлэх нь тархиныхаа ихэвчлэн ашигладаггүй хэсгийг ажиллуулах боломжийг бидэнд олгодог. Эдгээр нь хүний харах өнцгийг өөрчилдөг бөгөөд хамгийн бүтээлч санаа төрөх оргил үе болдог.

7. Орчноо өөрчилдөг.

Амралт гэхээр л алс хол газар аялалд гарах тухай ойлголт биш юм. Харин байгальд сэтгэл сэргэм цагийг өнгөрүүлэх бөгөөд таны өдөр тутмын орчноос өөр газар, цэвэр агаарт гарах явдал юм. Судалгаанаас харахад өдөрт байгальд 2 цагийг өнгөрөөх нь бидний оюун санаа, бие махбодийн хувьд сайн нөлөөтэй байдаг аж.

8. Тэд сайн дурын ажил хийдэг

Бусдад тусалснаар аз жаргалыг мэдэрдэг бөгөөд өөрийн амьдралд талархах, илүү их хичээх урам зориг өгдөг байна. Байгаль орчин хамгаалах, нийгмийн ажилд туслах, эрүүл мэндийн салбар, спорт чөлөөт цаг, амьтдад туслах зэрэг үндсэн 5 сайн дурын ажил байдаг бөгөөд өөрийн итгэл үнэмшил, сонирхолд нийцсэн үйл ажиллагаанд оролцсоноор хүн илүү хөгжиж байдаг.

9. Дурсамж бүтээдэг.

Амралт нь сайхан дурсамжийг бий болгох боломж юм. Хэд хэдэн судалгаанаас харахад аз жаргалтай дурсамжаа эргэн санах нь стресс, түгшүүр, сэтгэлийн хямралаас ангижруулж, бидний завгүй амьдралд тайвшрал авчирдаг. Гар утсаараа амралтынхаа хамгийн хөгжилтэй мөчүүдийг буулган түүдэг галын эргэн тойронд дуртай амттанаа идэж байхдаа влог хөтлөөрэй. Үзэсгэлэнт газрууд, зугаалгаар явсан газар, барьсан загас, эсвэл гэр бүлийнхнийхээ аз жаргалтай мөчүүдийг бичээрэй. Та эдгээр дурсамжуудыг хожим эргэн харахад таатай байх болно.

10. Өөртөө анхаарал тавих.

Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана гэдэг нь туйлын үнэн үг тул амралтаараа үзлэг, шинжилгээнд хамрагдан эрүүл мэнддээ анхаарал тавих нь ухаалаг хэрэг юм. Рашаан сувилалд явах, массаж хийлгэх, гоо сайхандаа анхаарах зэргээр өөртөө анхаарал тавьж стресс ядаргаагаа тайлан, ирээдүйд гүйцэтгэх ёстой олон төслөө амжилттай дуусгах боломжтой.

 

Эх сурвалж: Harvard Business Review

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.