Дархлааны системээ хэрхэн сайжруулах вэ?

2022/01/17 Админ 1724 1 сэтгэгдэл

 

Дархлааны систем гэдэг нь дан ганц зүйл биш маш олон зүйлээс бүрдсэн цогц системийн бүрдэл гэдгийг бид нэрнээс нь мэдэж болохоор байна. Энэхүү системийг сайн ажиллуулахын тулд систем нь тэнцвэртэй, системийн функцүүд нь бие биенээ харилцан дэмждэг байх шаардлагатай. Яг одоогийн байдлаар судлаачид амьдралын хэв маяг болон дархлааны функц 2-ын харилцан хамаарлыг шинжлэх ухаанаар батлаагүй байгаа ч хооллолт, дасгал хөдөлгөөн, нас, стресс болон бусад хүчин зүйлүүд нь амьтан, хүний ​​дархлалд үзүүлэх нөлөөг судалсаар байна. Эрүүл амьдралын хэв маяг нь дархлааны системийг дэмждэг байх өндөр магадлалтайгаас гадна шинжлэх ухаанаар батлагдсан эрүүл мэндийн олон ач холбогдолтой тул хүн төрөлхтөн эрүүл амьдралын хэв маягт суралцсаар байна.

Дархлааны системийг сайжруулах аргууд:

Хамгийн эхний арга нь эрүүл амьдралын хэв маягийг сонгох явдал юм. Эрүүл амьдралын хэв маяг нь доорх үйлдлүүдийг хийхээс эхэлнэ. Үүнд:

  • Тамхи татахгүй байх

  • Жимс, хүнсний ногоо ихээр агуулсан хоол хүнс хэрэглэх

  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

  • Жингээ хэвийн хэмжээнд барих

  • Алкохол хэрэглэвэл заавал тохируулж хэрэглэх

  • Хангалттай нойр авах

  • Гараа сайн угаах, хоолоо сайтар боловсруулж хэрэглэн халдвараас хамгаалах

  • Бага стресстэх

  • Эрүүл мэндийн байгууллагаас санал болгосон вакцинжуулалтад хамрагдах.

 

Дархлаагаа эрүүл аргаар нэмэгдүүлэх нь:

Дархлааны эсүүдийг дэмжихийг оролдох нь маш төвөгтэй байдаг. Яагаад гэвэл хүний биед нэвтрэхээр янз бүрээр оролддог гадны маш олон төрлийн бичил биетүүдэд хариу үзүүлэхээр зориулагдсан маш олон төрлийн дархлааны эс байдаг. Аль төрлийн эсийг ямар хэмжээгээр нэмэгдүүлэх нь зүйтэйг эрдэмтэд тогтоож чадаагүй байна. Харин эрдэмтэд хүний бие дархлааны эсүүдийг тогтмол хэмжээгээр үйлдвэрлэж байгааг олж тогтоосон бөгөөд хүний бие хэрэглэж дуусахааргүй ихийг үйлдвэрлэдэг байна. Илүүдэл эсүүдэд апоптиз явагдах буюу эсүүд ашиглагдахаасаа өмнө эсхүл гадны бичил биетээс биднийг хамгаалсны дараа байгалийн жамаар үхэж биеэс гадагшилдаг.

Дархлааны систем болон насжилт

Нас ахих тусам бидний дархлааны хариу урвал үзүүлэх чадвар буурч халдварт өвчинд өртөх, хорт хавдар тусах магадлал өсдөг. Өндөр хөгжилтэй орнуудад дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр насжилттай холбоотой өвчлөл нэмэгдэж байна.

Зарим хүмүүс эрүүл саруул хөгширч байхад зарим өндөр настнууд халдварт өвчнөөр өвчлөх, түүнээс үүдэлтэйгээр нас барах магадлал өндөр байдаг гэсэн олон судалгааны дүгнэлт гарсан. Амьсгалын замын халдвар, тэр дундаа томуу, COVID-19 вирус, ялангуяа уушгины хатгалгаа нь дэлхий даяар 65-аас дээш насны хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байна. Яагаад ийм зүйл болдгийг хэн ч мэдэхгүй ч зарим эрдэмтэд Т эсийн бууралттай холбоотой гэж таамаглаж байна. Гэвч Т эсийн бууралтаас уу эсхүл өөр хүчин зүйлээс болж байна уу гэдгийг баттайгаар бүрэн тогтоогоогүй байна. Мөн зарим судлаачид ясны чөмөгний дархлааны тогтолцооны эсийг үүсгэдэг үүдэл эсийг үйлдвэрлэх чадвар буурдаг эсэхийг сонирхон судалж байна.

Өндөр настнуудын вакцинд үзүүлэх хариу үйлдэл нь халдварын эсрэг дархлааны хариу урвал буурч байгааг харуулж байна. Жишээлбэл, томуугийн эсрэг вакцины судалгаагаар 65-аас дээш насны хүмүүст вакцин хийх нь 2-оос дээш насны эрүүл хүүхдүүдэд вакцин хийхээс үр дүн багатай байсан ч огт хийлгээгүй өндөр настнуудтай харьцуулахад өвчлөл, нас баралтын түвшинг эрс бууруулж байгаа нь тодорхойлогдсон байна.

Ахмад настнуудын хоол тэжээл, дархлаа хоёр хоорондоо холбоотой байх магадлал маш өндөр. Хөгжингүй орнуудад ч түгээмэл тохиолддог хоол тэжээлийн дутагдлын нэг хэлбэрийг "бичил тэжээлийн дутагдал" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өндөр настнуудад түгээмэл тохиолддог. Яагаад гэвэл настай хүмүүс хоол хүнс бага хэрэглэхээс гадна цөөн төрлийн хүнс хэрэглэх хандлагатай байдаг. 

Хоолны дэглэм ба дархлааны систем

Эрүүл дархлааны системтэй байхын тулд эрүүл, шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Ядууралд автсан хүмүүс хоол тэжээлийн дутагдалд орж, халдварт өвчинд өртөмтгий болдгийг судлаачид ажигласан ч хоол хүнс хүний дархлааны тогтолцоонд хэрхэн нөлөөлж буйг харуулсан судалгаа харьцангуй бага хэвээр байна.

Цайр, селен, төмөр, зэс, фолийн хүчил, А, В6, С, Е витамин зэрэг төрөл бүрийн бичил тэжээлийн дутагдал нь амьтдын дархлааны хариу урвалыг өөрчилдөг гэсэн нотолгоо байдаг. Гэвч энэ хариу урвалын өөрчлөлтийн амьтдын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг судлаачид хараахан тодорхойлж чадаагүй бөгөөд хүний хувьд ч судалж байна.

Товчлон дүгнэвэл бид хоол хүнснээс шаардлагатай шим тэжээлийг авч чадахгүй байна гэж үзвэл нэмэлт бүтээгдэхүүн тохирсон тунгаар хэрэглэх нь зүйтэй. Энэ нь дархлааны системийг дэмжих эсэх нь хараахан тодорхой болоогүй ч эрүүл мэндийн бусад батлагдсан үр дүнг гаргах нь дамжиггүй юм.

Ургамлын гаралтай эсхүл бусад нэмэлт бүтээгдэхүүнүүд дархлаа дэмждэг үү?

Бид шошгон дээр нь "дархлаа дэмжих" гэдэг үг агуулсан ургамлын гаралтай бүтээгдэхүүн эсхүл эмийн бүтээгдэхүүнтэй хаа сайгүй л таардаг. Хэдийгээр зарим бэлдмэлүүд дархлааны үйл ажиллагааны зарим бүрэлдэхүүн хэсгүүдийг өөрчилдөг нь тогтоогдсон боловч тэдгээр нь таныг халдвар, өвчнөөс илүү сайн хамгаалж чадах хэмжээнд хүртэл дархлааг бэхжүүлдэг гэсэн нотолгоо одоогоор алга байна. Жишээлбэл, цусан дахь эсрэг биеийн түвшинг ихэсгэх үйлчилгээтэй өвслөг ургамлаас гаргаж авсан бүтээгдэхүүнүүд дархлааг сайжруулахад тустай эсэхийг эрдэмтэд хэлж мэдэхгүй л байна.

Стресс ба дархлааны функц

Орчин үеийн анагаах ухаан нь оюун ухаан, бие махбодийн нягт уялдаа холбоог авч үздэг болсон. Ходоод хямрах, чонон хөрвөс, зүрхний өвчин зэрэг олон төрлийн өвчин нь стресстэй холбоотой байдаг. Энэхүү хамаарлыг судлахад хүндрэлтэй хэд хэдэн сорилт тулгарч буй ч эрдэмтэд идэвхтэй судалсан хэвээр байна.

Эдгээр сорилтын нэгийг дурьдахад стрессийг тодорхойлоход хүндрэлтэй байдаг. Яг ижил үйл явдал нэг хүнд стресстэй байсан ч нөгөөд нь стресстэй байдаггүй, хэр их стресст автаж байгааг нь тооцоолоход төвөгтэй байдаг. Эрэмтэд хүний зүрх минутад хэдэн удаа цохилж байгаа зэрэг стрессийг илэрхийлж болох зүйлсийг л хэмждэг бөгөөд энэ хэмжүүр нь өөрч хүчин зүйлийн нөлөөг ч илэрхийлж болох тул тоогоор илэрхийлэхэд хүндрэлтэй байдаг.

Стресс ба дархлааны үйл ажиллагааны хамаарлыг судалж буй ихэнх эрдэмтэд гэнэтийн, богино хугацааны стресс үүсгэгчийг судалдаггүй  бөгөөр гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаа, ажлын байрны зэрэг байнга тохиолддог буюу архаг стресс нь дархлааны системд сөргөөр нөлөөлдөг эсэхийг судалж байна.

Даарах нь дархлааг сулруулдаг уу?

Ээжүүд "Хүрэм өмс, тэгэхгүй бол ханиад хүрнэ!" гэдэг нь үнэн болов уу? Магадгүй тийм биш, яагаад гэвэл дунд зэргийн хүйтэн температурт байх нь таны халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэггүй. Ханиад томууны дэгдэлт яагаад өвөл идэвхэждэг 2 шалтгаан бий. Нэгдүгээрт хүмүүс өвлийн улиралд гэртээ ихэнх цагийг өнгөрөөж гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хэт ойр байдаг. Хоёрдугаарт, хүйтэн, чийг багатай үед томуугийн вирус агаарт удаан амьдрах чадвартай байдаг.

Судлаачид хулгана дээр хийсэн туршилтаар хүйтэнд нян, вирусын дамжих чадвар бага байсан ч туршилтад сайн дураар оролцогсдыг богино хугацаанд хүйтэн усанд оруулах, хүйтэнд зогсоох болон Антарктид тивд амьдардаг болон Канадын Хадан ууланд экспедицид явж байсан хүмүүсийг судлах гэх мэтээр туршилт хүн дээр туршилт хийхэд тодорхой дүгнэлт гараагүй байна. Мөн жишээ татахад хүйтэнд хүчтэй дасгал хийдэг цаначдын дунд амьсгалын дээд замын халдвар нэмэгдэж байгааг судлаачид илрүүлсэн боловч энэ нь хүйтнээс болсон уу эсхүл өөр хүчин зүйлээс болсон уу гэдгийг тодорхойлж чадаагүй байна.

Канадын хэсэг судлаачид энэ сэдвээр хийсэн олон зуун анагаах ухааны судалгааг харьцуулж, өөрсдийн судалгааг хийн дунд зэргийн хүйтэн нь хүний ​​дархлалын тогтолцоонд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэжээ.

Дасгал хөдөлгөөн дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тогтмол дасгал хөдөлгөөн нь эрүүл амьдралын нэг тулгуур багана юм. Энэ нь зүрх судасны эрүүл мэндийг сайжруулж, цусны даралтыг бууруулж, биеийн жинг хянахад туслахаас гадна төрөл бүрийн өвчнөөс хамгаалдаг. Эрүүл хооллолтын нэгэн адилаар дасгал хөдөлгөөн нь ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, улмаар эрүүл дархлааны тогтолцоонд ч эерэг нөлөө үзүүлдэг.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.21.108.59] 2022/10/08
Та нар мундаг шүү
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.